Монгол Улс өнөөг хүртэл авлига, хэвлэлийн эрх чөлөө гэсэн хоёр чиглэлээр үнэлгээ хийж ирсэн хэдий ч шүүхийн талаар дотооддоо боловсруулдаг бие даасан, хараат бус үнэлгээ буюу индекс гаргаагүй билээ. Шүүхийн индекс байгаагүйн улмаас тус эрх мэдлийн үйл ажиллагаанд хөндлөнгийн бодит үнэлгээ өгөхөд төвөгтэй байсан, иймээс ч энэ нь тус индексийг боловсруулах гол үндэслэл болсон юм.
Монгол Улсын шүүхийн индекс нь тухайлан шүүхийн салбарт өрнөж буй шинэтгэлийн үр нөлөөг хараат бусаар үнэлж, аливаа ухралтаас сэргийлэх, хэрэгжилтийн шатанд эрчимжүүлэх шаардлагатай асуудлыг тодорхойлж байгаа бөгөөд олон улстай харьцуулах гэхээс илүү цаг хугацааны хувьд харьцуулах боломжтой байж хоёр жил тутамд хэмжих юм. Шүүхийн тухай хууль батлагдсан 2021 онд суурь судалгааг хийж байгаа нь цаашид энэхүү хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг индексээр дамжуулан үнэлэх давхар ач холбогдолтой. Шүүхийн индекс нь (1) шүүхийн үйл ажиллагааны төлөв байдлыг олон талаас бодитойгоор үнэлэх; (2) шалгуур үзүүлэлтийн оноонд үндэслэн шүүхийн тулгамдсан асуудал, хүндрэл, бэрхшээлийг тодорхойлохыг эрмэлзэх; (3) төлөв байдал, тулгамдсан асуудлын үндсэн дээр шүүхийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, чиг хандлагыг тодорхойлоход чухал хэрэгсэл болно гэж үзэж байна. Судалгааны цар хүрээг “шүүх эрх мэдэл” гэж өргөнөөр бус “шүүх” гэж тодорхой институтийн хүрээнд авч үзсэн бөгөөд үүнд, бүх шатны шүүх, шүүхийн захиргааны болон шүүхийн хариуцлагын институтийг хамруулсан болно.
ШҮҮХИЙН ИНДЕКС ГЭЖ ЮУ ВЭ?
Шүүхийн индекс нь шүүхийн үйл ажиллагааг шалгуур үзүүлэлтүүдийн дагуу олон талаас нь бодитоор хэмжиж, үнэлэх хэрэгсэл юм.